Технологийн мэдээ мэдээлэл


iPhone 4-ийг танилцууллаа

Apple компанийн 16 дахь удаагийн WWDC буюу дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалт энэ сарын 7-11-ний өдрүүдэд Сан Франциско хотод үргэлжилж байна. Өчигдөр буюу нээлтийн өдөр тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс компанийн брэнд бүтээгдэхүүн болсон iPhone смартфөүний дөрөв дэх шинэчилсэн хувилбарыг албан ёсоор танилцууллаа. Тэрбээр энэ үеэр Бид анхны iPhone-ыг үйлдвэрлэн гаргаснаас хойш хамгийн том тэсрэлт нь энэ болж байна. Бид шинэ бүтээгдэхүүнээр бахархаж, сэтгэл хангалуун байгаа гэжээ.
Хар болон цагаан хоёр өөр өнгөний сонголттой байх iPhone 4 энэ сарын 24-нөөс эхлэн АНУ болон бусад дөрвөн улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай нь 199 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар байх аж.
Жобсын мэдэгдсэнээр iPhone 4 нь өмнөх iPhone 3GS хувилбараас 24 хувиар нимгэн бөгөөд ердөө 9,3 мм зузаан, дэлхий дээрх хамгийн нимгэн смартфөүн болох гэнэ. Смартфөүний арын хэсэг нь шилэн гадаргуутай байх бөгөөд ирмэгээрээ метал хүрээтэй юм.
Видео дуудлага хийхэд зориулж, смартфөүний урд талд камер байрлуулсан бөгөөд харин ар талд байрлах уламжлалт камер нь LED гэрэлтэй болсноос гадна 5.0 мегапиксель, таван дахин zoom хийх боломжтой болсон байна.
Өмнөх iPhone-ийн учир дутагдалтай зүйл байсан нь multitasking буюу нэг дор олон программ ачаалах функц байдаггүй байсан бол iOS хэмээн нэрлэсэн шинэ үйлдлийн системд multitasking функц багтжээ.
iOS 4 үйлдлийн системийн тухайд энэ сарын 21-нээс эхлэн үнэгүй татаж авах боломжтой болох учир iPhone 3GS гар утастай хэрэглэгчид смартфөүнийхээ үйлдлийн системийг сайжруулах боломжтой ажээ. Харин iPhone-ийн өмнөх загваруудад тохирохгүй юм байна.

Шинэ загварын iPhone 4 нь мөн баттерейны хүчин чадлын хувьд сайжирсан. Тодруулбал 3G сүлжээнд долоон цаг тасралтгүй ярих ба Wi-Fi ашиглан интернэтэд холбогдоход 10 цагийн турш цэнэгтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхгүй гэнэ.

Дашрамд дурдахад, энэ жилийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтад 57 орны 5200 гаруй оролцогч оролцож байгаа юм. Харин тасалбар худалдаанд гарснаас хойш ердөө наймхан хоногийн дотор бүрэн зарагдаж дууссан бөгөөд тасалбарын үнэ 1599 ам.доллар юм.


Ирээдүйн нисдэг машины загвар бүтээжээ

Авто замын түгжээ ихтэй, дэндүү олон машин хөлхөлдсөн хотынхоо дээгүүр өөрийн гэсэн нисдэг машинтайгаа аялж явна гэдэг биелшгүй мөрөөдөл мэт байхаа больжээ. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар Jetsons гэх хүүхэлдэйн кинонд гардаг шиг амьдрал удахгүй биеллээ олох бололтой.
Хятадын зохион бүтээгчид болох Жу Венси, Лай Зесинь, Пань Зиажи нар хамтран нисдэг машины концепт буюу төсөөллийн загварыг зохион бүтээж, YEE хэмээн нэрлэжээ. Замын түгжээ, элдэв саад бэрхшээлээс ангид ажил хэргээ хурдан амжуулахын зэрэгцээ тохь тухтай, тавлаг нөхцөлд зорчихыг эрхэмлэдэг баян чинээлэг цагаан захтнуудад зориулсан YEE нисдэг машин нь ирээдүйд хамгийн өргөн ашиглагдах тээврийн хэрэгсэл болно гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байгаа гэнэ. Авсаархан, овор багатай уг нисдэг машин нь авто замд зорчиж байгаад хэдхэн секундын дотор нисдэг машин болон хувирах ажээ. Ингэхдээ урд хоёр дугуй нь их биеийнхээ бөөрөнд эвхэгдэж, харин хойд хоёр дугуй нь гадагш дэлгэгдэж, онгоцны сэнсний үүрэг гүйцэтгэх юм. Мэдээж агаарт нисч буй үед тэдгээр сэнсний ачаар нисч чадна, харин газарт тэдгээр нь автомашины энгийн дугуйны үүргээр ажиллана.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment