Мэдээний ангилал

“Камертон” цэнгэлдэхийг доргиолоо


Монголын номер нэг поп хамтлаг “Камертон” таван жилийн дараа  уржигдар “Төв цэнгэлдэх”-ийн тайзнаа дахин “Camerton 2010 Life Concert” тоглолтоо хийн бут авав. Тоглолт товлосон цагаасаа бүтэн цаг хоцрон цэнгэлдэх дүүрэн тэсэн ядан хүлээсэн фенүүдээ жаахан бухимдуулсан. Гэхдээ тэдний хүлээлтийг тэслэн “Камертон”-чууд “Бид Камертон” дуугаараа 15 жилийн ойн төрсөн өдрийн тоглолтоо эхлүүлэв. Цасан цагаан хувцастай тэднийг тайзан дээр гүйн гарч ирэхэд цэнгэлдэх гэрлээр гийх шиг болсон. Тэнд цугласан  мянга мянган фенүүдийн  сэтгэл зүрхнээс ундран гарсан “Камертон, Камертон, Камертон...” хэмээх тэр л үгс цуурайтан байлаа.


 “Төрсөн өдөр” дуугаа дуулахад тэнгэрт  ёслолын буудлагын түмэн гал үнэхээр гайхалтай байсан. Хүүхэд байхаасаа л бидний сонсч өссөн цэнхэр дэлгэцээр цаг агаарын мэдээ зарлахад явдаг танил аялгуу эгшиглэхэд фенүүд нь нэгэн зэрэг  “Чка өдөр” хэмээн даган дууллаа. “Why baby”, тэр бүр тоглолт дээр дуулаад байдаггүй ”Бүтэн сарны дор” гээд дотно танил дуунууд ар араасаа цуварсаар... Камертончууд цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн найзууд тэдэнтэй цугтаа байсан бүх л залуустаа баярласнаа илэрхийлэн сэтгэлийн мэндчилгээгээ ая дуутайгаа өргөн барьж байлаа.



Мээдээ “Mi Amore” соло цомогтоо багтсан “Ti Amore” дуугаа халуухан бүжигчин охидтой хүргэсэн бол тайзан дээр Эба “Гурван охин” хамтлагийн Солотой хамтдаа гарч ирэн “4th Street” цомгоосоо “Чи минь үүрд минийх” дуугаа эхлүүлсэн. Үзэгчдэд “Маралжингоогийн оронд Соло хамтран дуулж дээ” гэж шивэр авир гэлцэж байтал “Гурван охин” хамтлагийн Анхаа, Ану нар ар араасаа гарч ирэн тэд хамтдаа дуулцгаасан нь фенүүдэд нь гэнэтийн бэлэг байлаа.

“Камертон”-чууд бас нэгэн хайртай цомгийнхоо дуугаар ая барин хамтдаа бүжиглэж дуулахыг уриалсан юм. Тэр дуу бол “Насан туршдаа чамайг бодсоор...” хэмээн эгшиглэдэг “Хунгийн дуу” байлаа. Тэдэнтэй хамт тайзан дээр бяцхан хунгууд бүжихэд сэтгэлээ барьж ядан догдолсон Ганаа, Эба хоёр хунгуудын дунд эргэлдэн бүжлээ. Ганаа фенүүддээ амласандаа хүрч “Хунгийн дуу”-нд бараг л балет хийсэн шүү.

Эба “Хунгийн дуу”-наас хойш фенүүдээ доргио байлгахаа амлан “Нулимсаа арч бүсгүй минь” дуун дээрээ мэргэжлийн бүжигчдийн хамт тайзыг эзэгнэнхэн байсан. Хөгжим бүжгийн коллежийн 36 номерийн өрөөнд хамтлагийн ахлагч Болдоогийн зохиосон “Явах цаг боллоо” дуугаа тэд намуухан хэмнэлээр дуулахад үзэгчдийн атмосфер үнэхээр буцалж байсан шүү.
Эба тайзан дээр байсан даралтад хөгжим дээр анх хөгжим бүжгийн коллежид ороод дарж байсан аяаа фенүүддээ сонирхуулсан гайхамшигтай дуугаар тоглолтоо үргэлжлүүлэв. Ганаа энэ дууны түүхийн талаар “Яг тэр насанд анх хүнтэй үнсэлцэж үздэг юм” гэж нууцаа задлахад, Эба “Чшш...чимээгүй” гэж алиалж байв.


“Шүүдэрхэн тунгалаг гэрэлт ододтой
Шөнөжин эргэлдэж мөрөөдөж хоноод
Алтан нарны болорхон туяанд
Анхны болзоонд зогсомоор санагдаад
Аяа миний арван найман нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас


Энэ үдшийг тоглолтыг Эба голлон хөтөлж үзэгчдийг хөгжөөж  байлаа. Тэрбээр “18 нас” дуугаа дуулчихаад “Ер нь тоглолтуудаа энэ дуугаараа дуусгадаг байсан та бүхэн мэдэж байгаа байх За манай тоглолтод ирсэн та бүхэнд маш их баярлалаа, баяртай” гэхэд фенүүд нь итгэж ядан инээлдэн байлаа. Эба “Яваад үзье ээ, араас дуудахгүй бол” гэж хошигноход Ганаа “Энэ дууг дуулахаар нэг юм бодогддог юм аа. 18 нас ахиад ирэхгүй тийм ээ” хэмээн бяцхан гуниглан үзэгчдээс асуусан харцаар харж байлаа.  Фенүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал дор Эбагийн зохиосон ойрд дуулаагүй нэгэн дууг хамтдаа дуулцгаав.

“Өдөржин хамтдаа зугаалсан өдрийн наран минь
Өглөө болтол хүлээгээч
Оройжин цугтаа зугаалсан хайрын тэнгэр минь
Од гийхэд зүүдэнд уулзъя ...”


“Шивнэх үгс” ойрд дуулаагүй гэж тодотгосон болоод ч тэр үү зүрх сэтгэл, бодлыг минь эзэмдэнхэн үнэхээр гоёхон байлаа.
“Камертон”-чууд дуу болгоныхоо өмнө бяцхан түүх ярин “Нэрийг нь хэлээд хэрэггүй байх” гэж үзэгчдэд таавар болгон үлдээж байсан ч ая нь эхлэхэд л цэнгэлдэх дүүрэн фенүүд нь 15 жилийн түүхтэй  тэдний бүтээсэн уран бүтээлүүдийг аяыг нь сонсоод л даган дуулсаар. Бүгд л сэтгэлд эгшиглэдэг мөнхийн хит аялгуунууд байлаа.
“Камертон”-чууд шөнийн тэнгэрийн одод дор “Зүүд”, “Харууслын аяс”-нд уяраасан.
Тэд шинэ цомгийн бичлэгт орж байхад Ганаа нэгэн шинэ дуугаа цомогт оруулах санал тавьжээ. Харин хамтлагийнхан нь аяыг жаахан чамлан, ахиж засаад цомогт оруулъя гэсэн ч Ганаа татгалзсанаар анхны хувилбараар багтсан нэгэн дуугаар тоглолт үргэлжиллээ. Тэр дуу бол Ганаагын зохиосон, гарсан цагаасаа хойш хитүүдийг тэргүүлж байсан “Миний л хайр” дуу байлаа.

...Хэний ч биш миний л хайр
Бороо байсан бол над дээр асгарч
Цэцэг байсан бол надаас өндийж
Чи бидэн хоёрт бурхан өгсөн хайр
Чимээгүйхэн энхрийлэх миний л хайр миний шүтээн...

Хайр сэтгэл үргэлжид бат оршиг. Тэд энэ дууг цомогтоо оруулсандаа хэзээ ч харамсаагүй ээ.
Тэд хамтлагаа байгуулаад гурав хоногийн дотор Болдоогийн зохиож байсан анхны дуугаа дууллаа.

...Дуртай дарснаасаа уйдаж болно оо
Дуртай дуунаасаа уйдаж болно оо
Дурлалаас уйдсан хүн байхгүй ээ
Хайраасаа уйлсан хэн ч байхгүй ээ...


Тийм ээ Болдын хэлснээр “Хайр сэтгэл мандтугай”. Ганаа “Би боддог юм аа. Хайраасаа уйдсан хүн байхгүй юм чинь Камертоноос уйдах бүсгүйчүүд байхгүй юм болов уу гэж” хэмээн тэнд цугласан бүсгүйчүүдийг сэтгэлийг гижигдээд авав.
Эба хөтлөгчийн ажлаа давхар хийн хөгжилтэй түүхээ фенүүддээ дурслаа. “Энэ дуу бидний хамгийн анхны понограмтай дуу байлаа. Их долоогийн шоу гэж төв цэнгэлдэхэд болох үед бид тайзан дээр энэ дуугаа дуулахаар гарч иртэл понограмм нь яваад дуусчихсан байсан” хэмээн үзэгчдийг инээлгээд авсан юм.
Фенүүдтэйгээ удаан хугацаагаар уулзаагүй “Камертон”-чууд “Хүлээлт”-ээр дараачийн ая дуугаа өргөлөө. Фенүүд нь ч хүлээсэн шүү “Камертон” хамтлагийг...
Ганаа тайзан дээр ганцаараа гарч ирэн “Олон ч жил энэ дуу намайг тэжээж дээ” гэж хошигноход фенүүд нь хэдийнэ дуулах гэж байгаа дууг нь таачихсан байлаа.

“Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг саран адислан таалаач

Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар зөвхөн би түүнтэй хамт явмаар байн”
...гэж Ганаа шүхэр дор нэгэн бүсгүйтэй хорогдон борооноор алхан дуулсан. Тайзан дээр зөвхөн түүний дээрээс орох бороон дуслууд гялтагнан үнэхээр романтик байлаа.
Харин Ганаагийн дууны дараа Эба тайзан дээрээс кранаар өргөгдөн тэнгэрт дүүлэн муугүй DJ гэдгээ харуулсан. Эбатай хамт Ганаагийн  бороо шиврүүлсэн нойтон тайзнаа бүжигчид ус үсчүүлэн транс бүжиглэхэд гэрлийн гялбаанд гайхалтай байсныг дурсахгүй өнгөрч болохгүй нь. Ингэж Эба үзэгчдийг доргион трансаар амьсгалуулсан.
Тоглолтын энэ хэсэгт Болд гэнэтийн бэлгээ задаллаа. “Монгол поп” цомогт багтсан “Нам гүм дундаас” дууны ая эгшиглэн дэлгэцэн дээр клип нь эхлэхэд тэрбээр цагаан морь унан тайзнаа гарч ирэн,

“Цаг хугацаа намайг хүлээхгүй ээ
Гэвч яагаад гэдгийг би мэдэхгүй ээ, хэн ч хэлэхгүй ээ
Шөнө алхана би гав ганцаараа
Тоглож өссөн тэр гудамжаараа, бороо дуслаад” 


Болд уянгалаг хоолойгоороо фенүүдээ уяраав. Монголд бие даасан “Монгол поп” урсгалыг гаргаж ирхээр зоригтой алхам хийж зүтгэж яваа түүнд баяр хүргэе.
“Sexy girl”, “Friday night”, “Хайрлая чамайгаа” цоглог доргио дуун дээрээ үзэгчидтэйгээ бүжиглэсэн “Камертон” хамтлагийн тоглолт “Уяхан замбуу тивийн наран” уртын дуугаар үргэлжилж

“...Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ...”

“Амин нутаг” дуугаар өндөрлөлөө. Төв цэнгэлдэхэд цугласан мянга мянган залуус тэдэнтэй хамт эх орноо Монголоо магтан дууллаа.
“Камертон” хамтлагийн 15 жилийн ойн төрсөн өдрийн амьд тоглолт халуун дулаан уур амьсгал Төв цэнгэлдэхийг доргион мартагдахааргүй сайхан болж өнгөрлөө. Удахгүй 11 дэх бие даасан цомгоороо эргэн уулзахаа амласан тэдний тоглолт тэнгэрт гялалзах  оддын дор салют буудсаар өндөрлөсөн. Таван жилийн дараа энэ л тайзан дээрээс та нарыг хоолой хоршин дуулахыг харах сайхан байлаа, “Камертон”-чууд аа.
 www.news.mn

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment