Мэдээний ангилал

Азийн XVI спортын их наадам өнөөдөр нээлтээ хийнэ

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанжоу хотноо Азийн XVI спортын их наадам өнөөдөр хөшгөө нээх гэж байна. Хятад улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй (өмнө нь Бээжин хотноо болж байсан) энэ удаагийн Азийн наадам 12-27-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Шар тивийн 45 орны 9704 тамирчин спортын 42 төрлөөр 476 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Азийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр орой 20.04 цагаас Сувдан мөрний Хайсиньша аралд эхлэх учиртай. Дэлхийг донсолгож, олимпийн наадмын түүхэнд сод бүтээл хэмээн мөнхөрсөн “Бээжин-2008” олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд туслах найруулагчаар ажиллаж байсан Чень Вейяа 2010 оны Азийн наадмын нээлтийн ажиллагааны найруулагчаар ажиллажээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нээлтийн ажиллагаа дэлхий нийтийг алмайруулна” хэмээн онцолсон юм. “Гуанжоу-2010”-ын нээлтийн ёслолын ажиллагаанд 7000 хүн оролцохоор төлөвлөөд байгаа. Ёслолын ажиллагааны дараа 21.00 цагаас тамирчдын парад үргэлжлэх бөгөөд галт бамбарыг Гуанжоун тэнгэрт бадамлуулах ёслол 21.42 цагаас эхлэх ажээ.

Зохион байгуулах хорооны зүгээс нээлтийн ажиллагаа усан доорх гайхамшгийг мэдрүүлэх бөгөөд энэ нь хамгийн оргил хэсэг байх болно хэмээн амлаад буй. Амлалтаа биелүүлэхээр тэд нээлтийн ёслолын ажиллагааг гурван удаа бүрэн хэмжээгээр сургуулилсан байна.

Дохад болсон Азийн наадам, Бээжингийн олимпийн наадам, Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Шанхайн дэлхийн экспо-2010-ын нээлтийн ажиллагаа гайхалтай үзүүлбэр, өвөрмөц сонин хувцас, дүр төрх мөн техник технологийн дэвшлийг ашиглаж, үнэхээр сүр дуулиантай болсон. Харин “Гуанжоу-2010” Азийн наадам сэтгэлд хоногшин үлдсэн өмнөх дурсамжуудыг арчиж, хэрхэн шинэ хуудас нэмэхийг өнөөдөр орой дэлхий нийт харах болно.

Өмнөх нээлтийн ёслолын ажиллагаануудаас гол ялгарах зүйл нь тайз. Цэнгэлдэх, талбай биш харин арал дээр. Тус арал нь Harmony нэртэй, хөлөг онгоц хэлбэртэй бөгөөд 18 мянган үзэгчийг багтаах боломжтой. Нээлтийн ажиллагаа усан дуслаар эхэлж, гадил модны навчин дээр суусан бяцхан охид тэнгэрээс унах мэт алгуурхан доошилж, далайн усанд усан дусал буулгаж, үзэгчид “далайн аялал”-аа эхлүүлэх гэнэ. Унгирал цэцгэн хувцастай 500 гаруй жүжигчид хөшгийг алгуурхан нээснээр Азийн наадмын нээлтийн ажиллагаа эхлэх аж. Харин баг тамирчдын парад үнэхээр онцгой, сонирхолтой байдлаар хийгдэх гэнэ. 45 орны тамирчид 45 завинд сууж, мөрний ус даган жагсах ажээ.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment